Sunday, November 24, 2013

Jucy





Чи манайд алгын чинээхэн байхдаа ирсэнсэн. Биднийг олоод л ирсэн, ямар учиртай байсан юм бол доо.
Бага охин минь алсад сурахаар яваад тэрсхэн өссөн эгч нь дүүгээ санаж гунихраад байхаар нь нохой авахаар шийдлээ. Найз лам руугаа утасдаж асуухад охиныг минь нохой авч болно, бүтэн сайн өдрийн 12 цагт аваарай гэж зөвлөв. Хоёулаа ямар нохой авахаа ярилцаж , цагаан өнгөтэй, урт чихтэй спаниел авахаар болов. Тэгээд хагас сайн өдөр хорооллын дэлгүүрүүдээр явж байтал нэг банди 3 жижигхэн хар спаниелийн гөлөг барьчихсан зогсож байв. Бид хоёр сонирхож үзэхэд үнэхээр эгдүүтэй, яг л бидний авья гэж товлож байгаа гөлөгнүүд байв. Уг нь бид нарын авах гэж байгаа нохой юм, гэм нь хар өнгөтэй юм даа гэж намайг хэлэхэд тэр банди “Эгч ээ манайд бас цагаан байгаа гэж хэллээ”. “Өө тийм үү гэж би олзуурхан хэлээд. яаж үзэх вэ, бид 2 маргааш зах явах гэж байгаа” гэхэд нөгөө хүү “өө манай ах зах дээр нохой зардаг тэнд аваад очъё” гэв.” За тэгье 12 цагт зах дээр уулзья” гэж хэлээд түүний утасны номер, нэрийг нь асуутал манай бага охины нэртэй адил нэртэй хүүхэд байлаа. Ямар сонин юм бэ , охиныхоо эзгүйд ижил нэртэй хүүхдээс сонирхсон нохойгоо авах гэж байна шүү дээ гээд билэг дэмбэрэлтэй юм байна зах дээр очоод ч яахав чи шууд манайд аваад ир гэлээ. Маргааш нь өдрийн 12 цагт өнөө хүү хар толботой хөөрхөн цагаан спаниел аваад ирлээ. Алгын чинээхэн тэр амьтан охины минь гар дээр ирээд шууд наалдаад унтаад өгөв. Бид 2 хадаг, жаахан хиам, сүү эзэнд нь өгөөд гөлөгний эхэд сүү өгөөрэй гэж хэлээд нохойгоо авсан. Энэ өдрөөс хойш Жүүси маань манай гэр бүлийн нэг гишүүн болж 12 жил бидэнтэй амьдарчээ. Шувууны анч нохойн генийг хадгалсан тэр үнэхээр сэргэлэн, хөдөлгөөнтэй. Эхний жил гутал хувцас идэж, урж тасдаж баахан дайсагнав. Машинаар явах үнэн дуртай. Цонхоор толгойгоо гаргачихаад л 2 чихээ намируулаад л явдагсан. Хөдөө хээр явж байгаад машин зогсонгуут л үсэрч буугаад л давхичихна. Чанасан мах, чанартай шоколаданд л  дуртай. Ангийн мах ялангуяа тарвага, тахианы маханд нугасгүй.  Хүний хэлийг маш сайн ойлгоно. Бид нар мэддэг үгийг нь тоолоход бараг зуу дөхөж байсан.  Бидний хоорондоо ярьж байхад л бүгдийг нь ойлгочихоод байдаг болохоор заримдаа түүний дэргэд поролдож ярих хэрэг гарна.  Баярлаж байгаагаа илэрхийлнэ, гуниж байгаа нь ч ойлгомжтой. Хэзээ ч уурлаж догширч байсангүй, харин нохойны эмнэлэгт очихдоо ёстой дайн гаргах шахна. Нэг удаа бүүр тэвэрч орох гэж байсан манай жолоочийн цамцыг ураад хаячихаж билээ. Хаалганы цаана танидаг болон танихгүй хүн ирсэнийг бидэнд сайн хэлж өгнө. Орцныхон, байрныхан бүгд манай Жүүсид хайртай, хөршүүдийнхээ хаалгыг гэр дотроосоо манана. Танихгүй хүмүүс үүдэээр нь явахад л хуцаад л сүйд болно.
Охин маань америк явахад миний нохой болж дараа нь жижигхэн зээ охидууд гарч ирэхэд “шоовдорлогдон” эмээ, өвөөгийн нохой болсонсон. Өвөө, эмээтэйгээ лагерийн байшиндаа ёстой жарганаа. Дуртай үедээ гарч орж, байнга чанасан мах идэж бас болоогүйээ хөршүүдэд уригдан чанасан мах, шоколадаар дайлуулна.  Хамаатан садангуудаа бүгдийг нь танина тэр ч бүү хэл огт уулзаж байгаагүй дүү нарын минь хүүхдүүд гадаадаас ирэхэд эрхлэж угтана. 2 удаа гөлөглөж хөөрхөн хар алаг гөлөгнүүд гаргасан. Маш хариуцлагатай, хайр дуурэн ээж болж билээ. Гөлөгнүүд нь төрөөгүй байхдаа л захиалагдаад дандаа хамаатан садан найз нөхдийн нохой болсон.
Сайн нохой минь хүн болж төрөхөөр явчихлаа. Бидний баяр, жаргалыг хуваалцаж, хагацал, гунигтай үеүүдэд ч бидэнтэй хамт байж, бидэнд үнэн зүрхнээсээ хайртай байсанд чинь чамдаа талархъя. Чи минь сайхан хүн болж төрөөд хүний эдлэх бүх л жаргалыг эдлээрэй.

No comments:

Post a Comment